Saturday, February 25, 2012

Умард туйл (Арктик)

Умард мөсөн далай нь Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, Умард туйлын орчим байрлах Дэлхийн далайнууд дотор хамгийн жижиг, хамгийн гүехэнд тооцогдох, жилийн бүх улиралд мөсөөр хучигдан оршдог далай юм[1].
Умард мөсөн далай нь Еврази ба Хойд Америкаар хүрээлэгдэн орших ба усны температур, давсжилтын хэмжээ нь улирлаас хамаарна. Өөрөөр хэлбэл мөсний хайлалт ба усны хөлдөлтөөс хамаардаг байна[2]. Бусад далайнуудтай харьцуулахад хамгийн бага давсжилттай, мөн хамгийн бага ууршилттай далай юм. Далайн усны давсжилтын хэмжээнд эх газраас цутгах их хэмжээний цэнгэг ус, Атлантын далай болон Номхон далайтай усаа чөлөөтэй солилцдоггүй зэрэг шалтгаан гол нөлөөтэй. Зуны улиралд далайн мөсөн бүрхүүлийн 50% нь хайлдаг байна[1].
  • Монгол хэлэнд хойд, урд зүгт орших газар орны нэрийг хойд, урд хэмээн нэрлэдэг хэдий ч туйлын хойд, урд зүгт байгааг умард, өмнөд хэмээн нэрлэдэг. Тиймээс зарим тохиолдолд гадаад хэлнээс орчуулахдаа Хойд мөсөн далай хэмээн орчуулдаг боловч, уг ёсоор бол Умард мөсөн далай гэх нь зөв юм.
  • Хэдийгээр Олон Улсын Усзүйн байгууллагаас (International Hydrographic Organization, IHO) "Далай" гэж тодорхойлдог боловч зарим далай судлаачид Атлантын далайн нэг тэнгис буюу Арктикийн тэнгис гэж нэрлэх нь бий[3].
Умард мөсөн далай нь АНУ-аас 1.5 дахин их буюу 14,056,000 км² талбайтай[4], эргийн нийт урт нь 45,389 км[4]. Үндсэндээ бусад далайнуудаас бүрэн тусгаарлагдсан, Еврази, Хойд Америк, Гренланд, болон өөр хэд хэдэн арлуудаар хүрээлэгдэнэ. Норвегийн, Баренцийн, Цагаан, Карийн, Лаптевийн, Зүүн-Сибирийн, Чукоткын, Гренландын, Бофортын, Баффины, Гудзоны зэрэг тэнгисүүдтэй. Номхон далайтай Берингийн хоолойгоор, Атлантын далайтай Гренландын тэнгис[1] болон Лабрадорын тэнгисээр холбогдоно. Газарзүйн координат нь: 90°00′N 0°00′E
Умард мөсөн далайн усны гүн болон түүнийг тойрон орших хуурай газрын топозураг
 
Усан доор байрлах Ломоносовын нуруугаар, Умард мөсөн далайн сав нь хоёр сав газар болон хуваагдана. Эхнийх нь буюу Евразийн сав нь 4,000 - 4,500 метр гүн, хоёрдох нь болох Амеразийн сав нь 4,000 орчим метр гүнтэй. Умард мөсөн далайн дундаж гүн нь 1,038 метр[5], хамгийн их гүн нь Евразийн савд байрлах 5,450 метр юм.
Умард мөсөн далайн дийлэнхийг мөс бүрхэх бөгөөд, зуны улиралд уг мөс хайлан зайрмагтана. Умард мөсөн далайн хүйтэн агаар экватор зүг шилжих ба дунд өргөргийн орчим халуун агаартай нийлэн бороо, цас орох нөxцлийг бүрдүүлнэ.
Умард мөсөн далай нь туйлын уур амьсгалтай бөгөөд өвлийн улирал нь харанхуй, хүйтэн, цэлмэг тэнгэртэй байна. Зуны улирал нь нартай, харьцангуй чийглэг, манантай байх ба цас болон бороо орно.
Гадаргуугийн температур нь жигд тогтвортой, 0 хэмээс арай доогуур байна. Жилийн 10 сард нь далайн ихэнх хэсэг цасаар хучигдсан байх ба хамгийн их цас 3 ба 4-р сард орно. Энэ үед мөсөн дээрхи цасны зузаан 20-50 см хүрнэ.
Уг далайн төв хэсэг нь АНУ, Орос, Канад, Норвеги, Дани зэрэг улсуудын алиных нь ч харьяалалд багтахгүй байгаа бөгөөд [6] Дэлхийн газрын тос, байгалийн хийн нээгдээгүй байгаа нөөцийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээнийхийг уг далайгаас илрүүлж болно гэж таамаглаж байна[7].Онцлох амьтан нь халим болон далайн хав [8] бөгөөд уг далайн экосистем нь маш хэврэг юм[8].
Умард мөсөн далайд фитопланктон өргөн тархалттай бөгөөд эх газраас цутгах гол, Номхон далай болон Атлантын далайн ус фитопланктоны тэжээлийг зөөж авчирна[9]. Зуны улиралд нар жаргадаггүй тул фитопланктон үржих тааламжтай нөхцөл болно[9].
Умард мөсөн далайн мөсөн бүрхүүл нимгэрэхийн зэрэгцээ улирлын чанартайгаар озоны давхрага цоорч байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байна.
Мөсөн бүрхүүл нимгэрч байгаа нь дэлхийн дулааралтай холбоотой гэж үзэж [10]. Олонхи эрдэмтэд Дэлхийн дулаарлын улмаас Хойд мөсөн далайн мөс хайлан, Хойд Атлантын далайд ихээхэн хэмжээний цэвэр ус нийлэн, Атлантын далайн урсгалыг (термохалайн эргэлт - thermohaline circulation) өөрчилж болзошгүй хэмээн таамагладаг байна. Энэ нь Дэлхийн цаг уурыг ихээхэн өөрчилж болзошгүй юм[10].
Умард мөсөн далай нь цацраг идэвхт бодисоор нилээдгүй бохирдож байгаагийн нэг жишээ нь Оросын цөмийн хаягдал [11] [12] юм.

No comments:

Post a Comment