Saturday, February 25, 2012

Ус

Уснь H20 гэсэн химийн томъёогоор илэрхийлэгдэх, устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл бодис юм. Ердийн нөхцөлд өнгө, үнэргүй. Бага зэрэг хөх ногоон туяа бүхий тунгалаг, шингэн төлөвтэй. Харин 0 хэмд хатуу (мөс), 100 хэмд хийн (усны уур) төлөвт орно. Дэлхий дээрх амьд организмуудын амьдралд чухал үүрэгтэй. Хүний биеийн ихэнх хэсгийг ус бүрдүүлдэг. Амьдралыг тэтгэгч рашаан булаг, чандмань эрдэнэ.

Цунами

Газар хөдлөлт, галт уулын идэвхижилт, хөрсний гулсалт, томоохон хэмжээний солир унах, цөмийн бөмбөгийн туршилтаар үүсэх энергийн нөлөөгөөр далай, тэнгисийн усны асар том давалгаа үүсэхийг цунами гэж нэрлэнэ. Цунами нь япон гаралтай үг юм.
Ихээхэн хохирол учруулсан цунамигийн жишээ бол 2004 оны Энэтхэгийн далайн газар хөдлөлтөөр үүссэн цунами юм. Ойролцоогоор 300,000 хүн нас барсны 168,000 нь Индонезийн иргэд байсан. Далайн давалгааны өндөр 33 метрт хүрч, Индонез, Тайланд, Малайз, Бангладеш, Энэтхэг, Шри Ланк, Мальдив зэрэг хоорондоо хэдэн мянган км алслагдсан орнууд нэрвэгдсэн байна. Уг цунами нь Африкийн зүүн эргийн Сомали, Кени, Танзани төдийгүй, газар хөдлөлтийн эпицентрээс 13,000 км хол орших Мексикийн эрэгт (давалгааны өндөр 2.6 метр гэж тэмдэглэгдсэн) хүрсэн байна.

Бороо

Бороо нь хур тунадасны нэг төрөл бөгөөд агаар мандал дахь усны уур конденсацлагдан, газрын гадаргуу руу буух үзэгдэл юм. Борооны бүх дуслууд газрын гадаргууд хүрдэггүй бөгөөд зарим нь унах явцдаа ууршин усны уур болон хувирах ба халуун, хуурай цөлд борооны бүх дуслууд газарт хүрэлгүй уурших нь ч бий.
Борооны жижиг дуслууд нь бөмбөлөг хэлбэртэй байх ба дуслын хэмжээ томроход уг дуслын (бөмбөлөгийн) доод тал нь хавтгай, дээд тал нь бөмбөгөр хэлбэртэй, бүр том хэмжээний дуслууд шүхэр хэлбэртэй болно. Борооны дуслын хэлбэрийг Филипп Ленард 1898 онд судлаж, 2 мм-ээс бага хэмжээтэй дуслууд бөмбөлөг, 5 мм диаметр орчим нь хөөсөн боов хэлбэртэй, 5 мм-ээс дээш хэмжээтэй нь тогтворгүй болдгийг тогтоосон байна. Борооны дуслууд дунджаар 1 - 2 мм хэмжээтэй байна. Дэлхий дээр хамгийн том борооны дусал 2004 онд Бразил ба Маршаллын арал дээр орсон борооны үед тэмдэглэгдсэн ба дуслын хэмжээ 10 мм-ээс давсан байна.
Борооны дуслуудын унах хурд нь дуслын хэмжээнээс хамаарах ба далайн түвшинтэй тэнцүү өндөрт, салхигүй тохиолдолд 0.5 мм диаметртэй дусал 2 м/сек хурдтайгаар, харин 5 мм хэмжээтэй дусал 9 м/сек хурдтайгаар унана.
Ихэнхи тохиолдолд борооны усны pH нь 6 орчим байна. Энэ нь агаар дахь нүүрстөрөгчийн давхар исэл pH-ийн хэмжээг бууруулна. pH-ийн хэмжээ 5.6-гаас бага тохиолдолд хүчиллэг бороо гэж нэрлэнэ.